Компанийн засаглал ба комплайнсын бодлого

1. Компанийн засаглалын зорилго

1.1 «Хангууд групп» (цаашид “Групп”) нь компанийн засаглал, комплайнсын бодлого, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч, харилцагч, ажилтан, түншүүдийн эрх ашгийг хамгаалах, урт хугацаанд тогтвортой үнэ цэнийг бүтээхэд чиглэн ажиллана. Засаглалын үнэлгээг оновчтой, бодитой гаргаж, дотоодын болон олон улсын сайн туршлагыг нутагшуулан Группийн бүх нэгжид хүргэнэ.

2. Засаглалын бүтэц

2.1 Группийн засаглал дараах бүтэцтэй байна.

Хангууд группийн засаглалын бүтэц

3. Эзэмшигчдийн хурал

3.1 Компанийн тухай хуулийн дагуу Группийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчдийн хурал бөгөөд ээлжит ба ээлжит бус байна. Ээлжит хурлыг ТУЗ-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна.

4. Төлөөлөн удирдах зөвлөл

4.1 ТУЗ нь Группийн үйл ажиллагааг ил тод, үнэнч шударга байдлаар чиглүүлж, стратеги, төсөв, эрсдэлийн хүлцэх түвшинг батлан, удирдлагад хяналт тавина. Зөвлөлийн дор хаяж гуравны нэг нь хараат бус гишүүн байх бөгөөд ТУЗ-ийн дарга Гүйцэтгэх захирлаар давхар ажиллахгүй. ТУЗ-ийн дэргэд Аудит, эрсдэлийн хороо; Тогтвортой хөгжлийн хороо ажиллана.

5. Удирдлагын баг

5.1 Гүйцэтгэх захирал тэргүүтэй удирдлагын баг ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-ийн баталсан эрх мэдлийн хуваарийн хүрээнд удирдан, үр дүнгээ ТУЗ-д улирал бүр тайлагнана. Охин компаниуд Группийн бодлого, журмыг мөрдөнө.

6. Эрсдэлийн удирдлага

6.1 Групп стратегийн, санхүүгийн, үйл ажиллагааны, барилгын чанар, аюулгүй байдлын, хууль эрх зүйн, мэдээллийн аюулгүй байдлын болон байгаль орчны эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянах тогтолцоотой байна. Гол эрсдэлийг Аудит, эрсдэлийн хороонд улирал бүр танилцуулна.

7. Санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт

7.1 Санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн гаргаж, жил бүр хараат бус аудитаар баталгаажуулна. Хараат бус дотоод аудит Аудит, эрсдэлийн хороонд шууд тайлагнана.

8. Комплайнс, ёс зүй

8.1 Комплайнс хариуцсан албан тушаалтан хууль тогтоомж, зохицуулагчийн шаардлага, лиценз, зөвшөөрлийн биелэлтийг хянана. Групп авлига, хээл хахуулийг хүлцэхгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг бичгээр мэдэгдэж, холбогдох этгээдтэй хийх хэлцлийг ил тод, зах зээлийн нөхцөлөөр хийнэ. Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд мөнгө угаахтай тэмцэх, хариуцлагатай зээл олголт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах журмыг мөрдөнө. Хууль, ёс зүйн зөрчлийг нууцаар мэдээлэх суваг ажиллана.

9. Үйл ажиллагааны ил тод байдал

9.1 Групп жилийн санхүүгийн тайлан, засаглалын бүтэц, тогтвортой хөгжлийн мэдээллийг албан ёсны вэбсайтдаа нийтэлж, мэдээллийг оролцогч талуудад үнэн зөв, цаг тухайд нь хүргэнэ.

10. Ажилтнууд

10.1 Группийн амжилтын үндэс нь чадварлаг ажилтнууд бөгөөд тэдэнд ялгаварлалгүй, тэгш боломж олгож, шударга урамшуулах, хөгжүүлэх, аюулгүй ажлын орчинг бүрдүүлнэ.

11. Бид

11.1 Групп хууль, ёс зүйн хариуцлагад нийцсэн ажлын орчныг бүрдүүлж, “Ногоон философи”-ийнхоо дагуу байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, хувь нийлүүлэгч, харилцагч, түншүүдийнхээ өмнө шударга ажиллах зарчимтай.