Бидний тухай

Хангууд Групп

Бид хэн бэ

Хангууд Групп нь урт хугацааны алсын хараа, стратегийн манлайлалд тулгуурлан олон салбарыг хамарсан нэгдмэл экосистемийг бүрдүүлэхэд чиглэсэн, ногоон философийг баримталдаг групп компани юм.

16 жилСалбарын туршлага
95%Хугацаандаа хүлээлгэн өгсөн
+500Төрөл бүрийн салбарт хэрэгжүүлсэн төсөл
Товч танилцуулга

Эрхэм зорилго, алсын хараа ба уриа

Эрхэм зорилго

Дэлхийн шилдэг туршлагад тулгуурлан олон улсын зах зээлд амжилт гаргах дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээнэ.

Алсын хараа

Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний брэндүүдийг бүтээх.

Уриа

Алсыг хар. Удаан эдлэх үнэ цэнийг бүтээ. Зүрхээрээ манлайл.

Бидний үнэт зүйлс

Үнэт зүйлс ба зарчмууд

Бид дөрвөн үндсэн үнэт зүйлээ 12 үндсэн зарчмаар дамжуулан хэрэгжүүлдэг.

01

Оюун ухаан — Шударга байдал

Бид судалгаа, өгөгдөлд тулгуурлан дүгнэлт хийж, урт хугацааг харж төлөвлөн, оновчтой шийдвэр гаргадаг.

Судалгаа, өгөгдөл — Шийдвэр бүр баримт, тоо мэдээ, судалгаанд суурилна.

Стратеги, төлөвлөлт — Ажил бүр тодорхой зорилго, хугацаа, хариуцагчтай бөгөөд Группын урт хугацааны стратегитай уялдана.

Инновац, тасралтгүй сайжруулалт — Бид дэвшилтэт технологи, аргачлалыг эрэлхийлэн туршиж, үр дүнтэй шийдлийг нэвтрүүлдэг.

02

Гар — Чанар

Бид санааг бодит үр дүн болгож, дэлхийн стандартад нийцсэн чанарыг хүргэдэг.

Гүйцэтгэл, сахилга бат — Бид амлалтаа хугацаанд нь, өндөр түвшинд биелүүлж, үр дүнгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг.

Чанар, стандарт — Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг олон улсын стандартад нийцүүлж, нарийн ширийн зүйл бүрт анхаардаг.

Тогтвортой, ногоон шийдэл — Бид нөөцийг хэмнэж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах тогтвортой шийдлийг нэвтрүүлдэг.

03

Зүрх — Хүн нэгдүгээрт

Бид хүнийг нэгдүгээрт тавьж, итгэлцлийг бий болгодог.

Оролцоо, үнэнч байдал — Бид ажлаа өөрийн гэсэн хандлагаар хүлээн авч, санаачилгатай ажилладаг.

Дотоод соёл, оролцоо — Бид бие биенээ дэмжиж, санал бодлоо нээлттэй хуваалцаж, багийн амжилтыг эрхэмлэдэг.

Ёс зүй, итгэлцэл — Бид ажилтан, харилцагч, хөрөнгө оруулагчидтайгаа үнэнч шударга харилцаж, алдаагаа хүлээн зөвшөөрч, амлалтаа биелүүлдэг.

04

Ногоон — Ирээдүйгээ хамгаалах

Бид байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тэнцвэржүүлсэн хариуцлагатай бизнесийг бүтээдэг.

Нөөцийн үр ашиг — Бид нөөц, эрчим хүч, материалыг үр ашигтай ашиглаж, хог хаягдлыг аль болох багасгадаг.

Байгальд ээлтэй шийдэл — Бид үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, түүнийг бууруулах байгальд ээлтэй арга барилыг нэвтрүүлдэг.

Ирээдүйн өмнө хүлээх хариуцлага — Бид богино хугацааны ашгаас илүү урт хугацааны үнэ цэнэ, хойч үеийн хэрэгцээг эрхэмлэдэг.

Хангууд группийн

Удирдлагын баг

Үүсгэн байгуулагч
Б.ЛхагважаргалТөлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Эс Ай Си Эй ХХК
Ж.ЭрдэнэбилэгГүйцэтгэх захирал
Смарт Грийн Девелопмент ХХК
Х.ҮүрийнбаярГүйцэтгэх захирал
Хангууд Финанс ББСБ ХХК
С.ШинэбишГүйцэтгэх захирал
Хангууд Пропертис ХХК
Ч.АмартүвшинГүйцэтгэх захирал
Хангууд ХХК
Д.БолортуяаСанхүү хариуцсан захирал
Хангууд Девелопмент ХХК
Б.ЭрдэнэдавааЕрөнхий инженер
Хангууд ХХК
Т.ПүрэвхүүХүний нөөц хариуцсан захирал
Ёс зүйн дүрэм

Хангууд ХХК-ийн «Ёс зүйн дүрэм»

01

Хамрах хүрээ, зорилго

1.1 Энэхүү Ёс зүйн дүрэм (цаашид «Дүрэм») нь Хангууд ХХК (цаашид «Компани»)-ийн хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид «ТУЗ»)-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудад (үндсэн, гэрээт, цагийн ажилтан, дадлагажигч) хамаарна.

1.2 Дүрмийн зорилго нь Компанийн бизнесийн үйл ажиллагаанд мөрдөх хууль эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийн шаардлагыг тогтоож, түүний хэрэгжилтийг үнэлэх, хянах механизмыг бий болгоход оршино.

02

Бизнесийн ёс зүйн зарчмууд

3.1 Хууль дээдлэх. Компани болон ажилтнууд Монгол Улсын хууль тогтоомж, Компанийн дотоод журам болон Компанийн үйл ажиллагаа явуулдаг бусад улсын хуулийг чанд мөрдөнө. Хууль, стандарт хоорондоо зөрчилдвөл хамгийн өндөр шаардлагыг баримтална.

3.2 Үнэнч шударга, ил тод байх. Хэлэлцээр, шийдвэр гаргалт, санхүүгийн болон бусад тайлагналыг мэдээллийг гуйвуулалгүйгээр үнэн зөв, ил тод хийнэ.

3.3 Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх. Хувийн ашиг сонирхол Компанийн ашиг сонирхолтой зөрчилдвөл энэ тухай удирдлагад нэн даруй мэдэгдэж, холбогдох этгээд шийдвэр гаргахаас татгалзана.

3.4 Авлига, хээл хахуульгүй байх. Аливаа хэлбэрийн хээл хахууль санал болгох, авах, зуучлахыг хориглоно. Бэлэг, дайллага өгөх, авахдаа Хангууд Группын Компанийн засаглалын кодексоор тогтоосон хязгаарыг баримтална.

3.5 Шударга өрсөлдөөн. Үнийн тохиролцоо, зах зээл хуваах, тендерийн хуйвалдаан зэрэг шударга бус өрсөлдөөнд оролцохгүй.

3.6 Харилцагч, хэрэглэгч, нийлүүлэгчийн итгэлийг хамгаалах. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, түншлэлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгч, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлнэ.

3.7 Нууцлал. Компани, харилцагч, ажилтнуудын нууц мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно. Хангууд Группын Нууцлалын бодлогыг мөрдөнө.

3.8 Компанийн хөрөнгийг зохистой ашиглах. Компанийн хөрөнгө, тоног төхөөрөмж, ажлын цаг, нэр хүндийг зөвхөн Компанийн зорилгоор ашиглана.

3.9 Хүндэтгэлтэй, аюулгүй ажлын байр. Ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийг үл тэвчиж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангана.

3.10 Байгаль орчин, нийгмийн хариуцлага. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө бууруулж, үйл ажиллагаа явуулдаг улс орон, орон нутгийн иргэдийн ашиг сонирхлыг хүндэтгэнэ.

3.11 Мөнгө угаахтай тэмцэх. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой аливаа гүйлгээнд оролцохгүй бөгөөд сэжигтэй гүйлгээг холбогдох журмын дагуу мэдээлнэ.

3.12 Тайлагнал. Компанийн санхүүгийн тайлан болон бусад мэдээллийг үнэн зөв, бодитой, цаг хугацаанд нь бэлтгэж тайлагнана.

03

Хэрэгжилт

4.1 Хүний нөөцийн алба энэхүү Дүрмийг Компанийн вэбсайтад нийтэлж, сургалт зохион байгуулах замаар бүх ажилтан, хувьцаа эзэмшигч, ТУЗ, бизнесийн түнш болон бусад холбогдох талуудад танилцуулах үүрэгтэй.

4.2 Хүний нөөцийн алба Дүрмийн хэрэгжилтийн талаар жилд нэгээс доошгүй удаа ТУЗ-д тайлагнана.

4.3 Дүрмийн зөрчлийн талаар мэдсэн хэн ч шууд удирдлагадаа, Хүний нөөцийн албанд эсвэл нэрээ нууцалсан сувгаар мэдээлж болно. Мэдээлэл өгсөн хүнийг хавчин гадуурхахыг хориглоно.

4.4 Хүний нөөцийн алба ирсэн зөрчлийг шалгаж, дүгнэлтээ гүйцэтгэх удирдлагад танилцуулна. Гүйцэтгэх удирдлага эсвэл ТУЗ-ийн гишүүнтэй холбоотой зөрчлийг ТУЗ шууд хүлээн авч шалгана.

04

Хариуцлага

5.1 Дүрэм зөрчсөн ажилтанд зөрчлийн шинж байдал, цар хүрээ, санаатай эсэхийг харгалзан Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулна. Ноцтой буюу давтан гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

5.2 Дүрэм зөрчсөн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад Компанийн тухай хууль, Компанийн дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.3 Нийлүүлэгчийн гэрээг цуцалсан тохиолдлыг оролцуулан Дүрмийн зөрчлөөс Компанид учирсан аливаа хохирлыг холбогдох гэрээний дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Гэмт хэргийн шинжтэй зөрчлийг холбогдох хууль сахиулах байгууллагад шилжүүлнэ.

05

Бусад зүйл

6.1 Энэхүү Дүрмийг ТУЗ баталж, баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

6.2 Дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг Хүний нөөцийн алба боловсруулж, ТУЗ-д батлуулахаар хүргүүлнэ.

Нийцэл

Группын компани бүрийн мөрддөг дүрэм журам.

Засаглал, худалдан авалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй: группын компани бүрийн мөрдөх хүрээ болон компани бүрийг түүний дагуу хэрхэн шалгадаг тухай. Энгийн, ойлгомжтой хэлээр, уншихад тохиромжтой хэмжээгээр бичсэн.